ЦОНХНООС ХАРСАН ҮНЭН

ЦОНХНООС ХАРСАН ҮНЭН

Үнэхээр хорсч буй бололтой. Би ч “аан” гэж сулхан дуугараад өөр юм хэлсэнгүй. Түгжрэл байхгүй сайхан. Шөнө нэг цаг дөхсөн тул бараг тавхан минут шумахердаад бүсгүйг анх авсан буудлын урд ирж зогслоо. Хүүхэн машинаас буулгүй өнөөх гэрэлтэй байх оффисийн өрөөний цонх руу хэсэг харан суулаа. Э – Ахаа хоёулаа орчихьё тэгэх үү. Намайг дуугарахаар аягүй бол хаалгаа тайлахгүй байх. Тэгэхүү гэлээ. Сэтгэлийн зовлонгоо нэг тийш болгох гэсэн хүүхний гуйлтад үгүй гэж хэлж чадсангүй. 
Би буулаа. Гадаа хаалга нь онгорхой. Яагаад ч юм жижүүр хамгаалагч энэ тэр хүн алга. Нэг давхарт нь нэлээн хэдэн өрөө онгорхой хүмүүс дүнгэр дүнгэр ярих сонсогдов. Шөнө ч гэсэн ажил ундарч л байдаг газар бололтой. Бид хоёр нөгөө өрөөнд очихоор дээш өгсөхөд хүүхэн нэлээн ард үлдээд хоёр давхарт хүрч ирэхэд “та эхлээд ороод харчих тэгэх үү” гэлээ. Би эргэлзсэн ч толгой дохиод дээш гарч ирлээ. Давхар дамждаг хаалгатай өрөө байлаа. Гаднаасаа орохоор дотроо хоёр өрөөний хаалга харагдлаа. Эхний өрөө гэрэлгүй байсан тул хоёр дахь өрөө рүү нь шагайлаа. 
Мөн л 30-аад насны нэг туранхай цагаан хүүхэн урдаа баахан идэх юм өрчихсөн идэх бөгөөд зөөврийн компьютер дээрээ нэг зүйлийг их л хичээнгүйлэн уншиж суугаа харагдав. Хаалгаар шагайх намайг анзаарч харснаа нэг их гайхсангүй уншиж байгаа зүйлээсээ салж ядан над руу харж “та ноль хайж байгаа юм уу, наад хаалганы ард байгаа” гэлээ. Бүгдээрээ энэ давхрын ноль дээрээ ирдэг бололтой. 
Бантсан би толгой дохиод “Төрөө байгаа юу” гэж зөөлөн асуулаа. Хүүхэн бас л тоосон шинжгүй хуруугаараа заасан нь цаад өрөөнд чинь байгаа гэж буй бололтой. Би харанхуй өрөөг онгойлговол нэг залуу сандал дээр цааш харж сууж байв. Хөлөө ширээн дээр тавьчихсан унтаж байгаа бололтой. Би толгойн сэргийлэхийн энэ ажлаа хурдан дуусгаж доош буулаа. Хүүхэн шатан дээр намайг чимээлэн зогсч байна. Э -Яасан? Х -Танай хүн унтаж байх шиг байна. Цаад өрөөнд нь нэг хүүхэн юм хийгээд сууж байна гэж намайг мэдээлсэнд хүүхэн толгой дохиод өөрөө дээш гарлаа. Хажуугаар гарахдаа намайг та эндээ байж байгаарай гэж санууллаа. Төдөлгүй буун ирж урд орон шатаар уруудлаа. Бид хоёр юм ярьсангүй явсаар машинд орж суулаа. 
Х -Нөгөө хүүхэн нь мөн байна уу? Э – Хүүхэн дуугүй толгой сэгсэрч “би хараагүй хүүхэн байх юм. Энд нь ажилладаг юм болов уу” гэлээ. Х -Тийм байх оо. Бид хоёр ийн чимээгүй хэсэг суух хооронд нэг машин ирж дотроос нь хоёр залуу нэг принтер бололтой юм тэвэрчихсэн дээш гарлаа. Төдөлгүй нөгөө өрөөний гэрэл асч дуу шуу ороод явчихлаа. Тэгснээ дахин нам гүм болж өнөөх хүүхэн хоёр залуутай хамт буун ирж машинд суугаад хөдөллөө. Өнөөх хүүхэн тэдгээрийг харж сууснаа “Өө, эд нар одоо ингээд манай хүнийг орхичихоод явчихаж байгаа юм байх даа” гэж тэс хөндлөн юм хэллээ.
Тэгснээ нөгөө буудлын цонх руу бас хараалж “өө энэ хэд тас үсэрсэн юм байх даа. Ингээд хоёр цонх хараад хонох нь дээ хоёулаа, тэ” гэж гэнэт хөгжилтэй болж ирлээ. Тэгснээ нэг бодолхийлснээ утсаараа залгалаа. Нэлээн дуудсаны эцэст “за …” гэж сулхан дуугарах залуугийн дуу сонсогдлоо . Э -… Аан би байна… тийн харин нойр жаахан хулжаад … Чи хаана байгаан… аан тийм үү ямар айлд… Харин би таньдаггүй ямар айл байдаг юм бэ… за за болио чи. Би чам дээр очлоо за. Хаа байгаа газар чинь. Чиний байгаа наад айлд чинь за… гээд хүүхэн утсаа салгаснаа “Жаахан хүлээчих тэгэхүү. Би цүнхээ орхичихьё” гээд бууж байшин руу орлоо. 
Төдөлгүй өнөөх өрөөний гэрэл асаж хэсэг хугацаа өнгөрлөө. Харин энэ удаа асуудал хурдан шийдэгдчихэв. Хүүхэн залуу хоёр тун найрсаг тэврэлдсээр гараад ирлээ. Хоёулаа ард суухад хүүхэн “За за ах гэртээ хүргүүлье дээ” гэлээ. Нэлээн нойрмоглож яльгүй хавдсан нүдтэй нүдэнд дулаахан байрын залуугийн төрх толинд туслаа. Тэр хоёр машинд бараг юм ярьсангүй. Залуу “өөе, за жаахан дугхийнээ” гээд нүдээ анилаа.
Хүүхэн мөрийг нь түшиж мөн нүдээ анилаа. Үнэн унтсан уу, хоёул нэгийг бодсон уу, эс бөгөөс сэтгэлийн шаналал нь алга болж тайвшираад нам унтсан уу. Бүү мэд. Би явсаар гэрийнх нь гадаа ирэхэд хоёул нойрондоо тун хорогдонгуй өндийж “өө за, хэдийг өгөхүү ах” гэж залуу асуулаа. Хүүхэн “хайр би өгчихье” гээд дахин 10 мянгыг сайрвайлаа. Залуу эхэлж бууж хүүхнээ тохойдон түшиж буулгахад хүүхэн ч халуунаар нөхрөө сугадав. Атаархмаар эвлэрсэн манай хоёр нэг их яаралгүй тун жаргалтай алхсаар орц руугаа орлоо доо… 
Анх харахад нэлээн л нас намба суусан хүүхэн байх шиг санагдсан. Нөхөртэйгөө эвлэрээд явахыг нь харсан чинь дурласан жаахан охин шиг л харагдлаа. Хүүхэн нь хардаж өсөрхсөндөө нэг явуулын хүний өвөрт орох шахаж явахад нөхрийнхөө хажууханд буудалд орчихсон байж таардаг нэг бодлын азтай ч гэр бүл юм шиг санагдлаа. Хэрвээ эхнэр нь тэр залуутайгаа yнтчихсан бол амьдралд нь ямар ан цав гарч юу ч болох байсан юм билээ. Мань эр санаа зөв явсан болохоор ханьтайгаа тэнд таарсан байх л даа. Ямартай ч нэг гэр бүлийн ийм нэгэн зурвас түүх миний муу такситай нэр холбогдлоо.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн