“НОМИН ЦЭНХЭР АЛЧУУР” – Х.ДУЛАМСҮРЭН

“НОМИН ЦЭНХЭР АЛЧУУР” – Х.ДУЛАМСҮРЭН

Жил гаруйн өмнө нөгөө залуу маань гэрээний хугацаа нь дуусаад монголруу эхнэр хүүхэдрүүгээ буцсан. Дахиад л би ганцаардаж эхэлсэн. Тэгээд гайгүй солонгос хүнтэй суучихвал, амьдрал ахуй дээшлээд, монголоос хүүгээ аваад ирж болох юм гэсэн бодол төрж байлаа. Тэр үед бодлыг минь таасан юм шиг хамт ажилладаг үйлдвэрийн эзэн нэг өдөр хоолонд оръё гэж урьдаг юм байна. Яваад очтол эхнэртэйгээ, бас нэг солонгос хүн дагуулаад ирчихсэн сууцгааж байсан. Идэж уугаад л нөгөө хүнээ жигтэйхэн их магтаж байнаа.
“Гайгүй сайн хүн чамд хань болно, өмнө нь хүнтэй сууж байгаагүй, үр хүүхэдгүй, монгол бүсгүйтэй сууна гээд байгаа юм гээд л эзэн авгай хоёр зэрэг зэрэг магтаад л. Нөгөө хүн ч надад талтай байгаа нь мэдрэгдэв. Харахад нүдэнд дулаахан, даруухан гайгүй л хүн шиг санагдсан. Ер нь би ч хүн танихдаа их тааруу юм, анхныхаа амьдралд ч ханиа зөв таниагүйгээс алдсан хүн дээ, гээд Саруул нэг их уртаар санаа алдсанаа яриагаа цааш үргэлжлүүллээ. Тэгээд тэр хүнтэйгээ төд удалгүй суух амьдрах болж, монголруу хамт явж хуримаа хийнэ, бал сараа тэмдэглэнэ гээд л их олон сайхан зүйлийн талаар ярилцаж амлаж байв.
Удалгүй бие давхар ч боллоо. Түүнтэй суухаар эргэлт буцалтгүй шийдсэн тул гэрт нь очсон. Хөгшин настай ээжтэйгээ хөдөө амьдардаг. Амьдрал нь тийм ч сайнгүй хүмүүс болохыг очсон эхний өдрөөсөө л мэдрэв. Одоо би яах билээ, ядаж байхад бие давхар байдаг. Энийгээ ч мэдээд намайг жирэмсэн болсон хойно гэртээ аваачсан юм билээ, сүүлд бодоод байхад. .. Хэчнээн хүүхэд өнчрүүлэх билээ би, хэсэгтээ тэвчихээр шийдсэн. Өглөөнөөс орой хүртэл эмгэнтэй хамт ногооны талбай дээр ажиллаж байв.
Урьд өмнө нь гайгүй өнгөтэй зүстэй явсан бол тэр солонгостой сууснаас хойш бүр хэцүүдсэн тулгар биетэйг ч хэлэх үү, том том байцаа ногоо зөөнө. Заримдаа зугтаад яваад өгмөөр санагддаг байсан ч хүүхдээ төрүүлчивэл бүх юм арай гайгүй болох юм шиг санагдаад итгэж хүлээсээр байв. Тэгээд ч том гэдэстэй би хүний нутагт хаачих билээ. Монголруугаа явъя гэтэл очоод амьдрал тийм сайн биш болохоор өөр гарц байгаагүй л дээ. Гэтэл охиноо гаргаад арай дээрдэнэ гэж бодсон минь эндүүрэл байв. Хүүхдээ төрүүлээд эмнэлэгээс гарч ирэнгүүт байдал нэг л биш болж ирсэн. Нөгөө сүйд болоод байсан эмгэн чинь бараг надтай дуугарахгүй, заримдаа хүүхдийг минь аваад хэдэн цагаар өгөхгүй өрөөндөө ороод хаалгаа түгжчихнэ. Нөхөр маань ч надтай бараг уулзахгүй зугтаагаад ч байгаа юм шиг, нэг л сонин.
Хааяа гаднаас цоожлоод гараад явчихна, юм хэлэхээр дуугарахгүй үл тоомсорлосон маягтай. Иймэрхүү байдалтай хэд хоногийг өнгөрөөв. Гэтэл хоёр хоногийн өмнө над дээр орж ирсэнээ, огт танихгүй хүн шиг нэг л хүйтэн өнгөөр -Ирэх баасан гаригт манай найзууд эндээс нэлээн зайтай, хөдөө тосгонд уулзалдаж хамт хоолонд орохоор болсон чи хамт явна шүү, энийг өмсөөд яваарай, үс гэзгээ аятайхан янзлаарай гээд хэзээ ч надад авч өгч байгаагүй, даашинзыг бараг л нүүрлүү минь чулуудчихаад гарч одов. Сайхан сэтгэл гаргаж намайг найз нөхөдтэйгээ танилцуулах гэж байгаа гэхэд арай л биш ээ.
Нэг л учир битүүлэг санагдаад байв. Маргааш орой нь нөхөр нэлээн халамцуу ирсэн. Би охиноо тэврээд өрөөндөө сууж байсан юм. Нөхөр маань ээжтэйгээ хоол идэнгээ их л чухал зүйл ярьж байгаа бололтой дуугаа нэг намсан, нэг өндөрсгөж байв. Сүүлийн хэд хоног нэг л сэжиг бүхий санагдаад байсан болохоор охиноо унтуулчихаад хаалганы хажуунаас тэдний яриаг сонстол яах аргагүй миний тухай ярьж байнаа. …Юүрий… гээд л солонгосоор намайг тэгж дуудаг байсан юм. Нөхөр, -Ээжээ, та одоо санаа зовохгүй амьдарч болно, хүү нь зөндөө их мөнгөтэй болно, Юүрийг хэд хоногоос аваачиж өгөхөөр болсон.
Овоо хэдэн төгрөг надад өгнө гэсэн, харин та охиныг сайн хараад байж байдаг юм шүү гээд л… би юу сонсох нь энэ вэ, нүд минь харанхуйлж, чих шуугиад учраа олохоо болиод, хурдан л эндээс зугтъя гэсэн бодол толгойд орж ирсэн. Тэглээ гээд харанхуй шөнө хаачих билээ, гэж хэлсэнээ Саруул мэгшин уйлав.
Одоо ч гэсэн түүний чих шуугиж, нүд нь харанхуйлсаар байгаа бололтой. Тэгээд шөнөжингөө бодсоны эцэст өнөөдөр ээжийг нь түр дэлгүүр явсан хойгуур охиноо тэврээд зам дагаад гүйчихсэн. Айхад аргал хөдөлнө гэгчээр араас хүрч ирээд чирээд аваад явчих юм шиг санагдаад хичнээн айж ирэв ээ, азаар нээх хол явсангүй такси таарлаа. Манайх чинь хөдөө зэлүүд, тал шахуу газар байдаг болохоор их хэцүү. Ядаж байхад өглөөнөөс хойш намайг зугтах гэж байгааг гадарласан юм шиг эмгэн хүүхэд авчихаад өгдөггүй гэж хэлсэнээ Саруул жаахан тайвширсан бололтой өмнөх цайгаа авч уув. Түрүүнээс хойш амьсгаа авах завгүй шахуу чих тавин алмайрч суусан би, сая л нэг сэхээ авч өмнөө тавиад бараг мартсан шөлнөөсөө халбагадан уув.
Түүний яриа надад үлгэр шиг эсвэл зохиол ч юм шиг тийм хачин, санаанд багтамгүй санагдав. -Арай чиний бодож байсан шиг биш байлгүй дээ найз минь, чи солонгосоор буруу ойлгосон байх. Төрөөд удаагүй нялх биетэй эмэгтэйгээр яах юм бэ, тэгээд нялх үрээ ч гэсэн яах болж байна, тэр хүн чинь муу сайн ч гэсэн хүүхдийн чинь эцэг шүү дээ, миний найз л буруу ойлгосон байх
-Үгүй ээ би солонгосоор сайн ойлгодог, яах аргагүй тэр хоёр намайг бусдад зарах талаар ярилцаж байсан -За тийм амархан юм гэж юу байдаг юм бэ,.. арай эд, эрхтэн….за за үгүй байлгүй дээ санаанд ер нь буухгүй юм байна гээд би итгэж ядсан өнгөөр хэлээд. “Ийм зүйлийг кинон дээрээс л харж байсан болохоос миний эргэн тойронд үзэгдэж, сонсогдож байсангүй, сонин юм даа” гэж бодох зуураа -За миний найз одоо амардаа ядарсан биз. Оройноос өглөө сэргэлэн гэдэг, өглөө хоёулаа маргааш тухтай ярилцаж байгаад шийдье, одоо тэгээд ер нь яах бодолтой байна гэж намайг асуухад,
Саруул -Яах юу байхав дээ, найз минь хурдан монголруугаа буцъя, чи л надад тус болж үз, өөр хандах хүн алга даа, араас хайж ирээд олоод авах вий, гэхээс айж байна, муу найз чинь хүний газар бусдад зарагдах нь байна шүү дээ. Намайг энд ор сураггүй алга болвол олж авах сураг тавих хэн ч байхгүй. Өөдсийн чинээхэн хүү, хөгшин ээж хоёр минь л намайг нутагтаа хүлээж суугаа. Намайг гэх өөр хүн байхгүй шүү дээ. Хамаатан садан гээд ганц хоёр ах дүүс байгаа ч, намайг гэхээсээ илүү мөнгө л гэдэг хүмүүс.
Магадгүй тэр байдлыг маань ч надтай сууна энэ тэр гэж явахдаа судалсан л даа энэ хүн. Ямар нэгэн татлаа байхгүй, харж хандах хүнгүй болохоор дэндүү амар санагдсан биз гэж хэлээд Саруул уртаар санаа алдав. Түүний нүдэнд айдас хүйдэс, дааж давахын аргагүй гуниг зовлон хургаастай байв. Хөөрхий нялх охин нь энэ бүхнийг ойлгосон уу, эсвэл тайван амгалан газар ирээд сэтгэл нь амарсан уу, үнэгчлэн нойрсож байв.
Бид ч амарцгаалаа. Маргааш нь эртлэн босож ээж охин хоёрт цай хоол хийж өгөөд гурвуулаа гарлаа. Гэр оронтой нь холбогдох утас, охинд нь өлгий даавуу, өөрт нь өмсөх нэг ээлжийн хувцас авч өгөөд, замаараа маргааш өдөр нисэх онгоцны билетээ ч авч амжав. Гэрт ирсэн хойно Саруул гэрийнхэнтэйгээ холбогдлоо.
Очих болсон тухайгаа ээж, хүү хоёртоо хэлтэл тэдний баярлаж байгаа гэдэг нь жигтэйхэн. Нарийн учир зовлонгоо хэлсэнгүй, хэлээд ч хэрэггүй биз дээ. Нэлээн дотно байдаг бололтой ээжийнхээ дүү хүүхэнлүү залгаж, яагаад гэнэт буцах болсон тухайгаа зах зухаас нь дуулгалаа. Гэтэл тэр эгч нь – Чи тэр хэнийг нь ч сайн мэдэхгүй солонгосын “шээc”-ээр яах гэж байгаа юм, энд ирээд чамд гай л болно. Наанаа хаа нэг газар орхичихоод ирэхгүй юу гэж ирээд л зандарч байх юм.
Саруул -яалаа гэж дээ эгч минь, би хүүхдээ хаана орхих билээ. Би чинь эх хүн шүү дээ, тэгээд ч би хүүхдээ энд тэнд хаяад явчихвал гэмт хэрэг болно биз дээ, хэмээн цөхөрсөн арга нь барагдсан өнгөөр хэлээд чимээгүй болов. Надад тэдний яриаг сонсож суух хүсэл ч төрсөнгүй нөгөө өрөөндөө орлоо. “Хөөрхий дөө найзын минь зовлон дуусах болоогүй л юм байна даа гэж бодох зуур түүнийг өрөвдөн сэтгэл сэмэрч, өөрийн эрхгүй цэлэлзээд ирэх нулимсаа сэмхэн арчсаар суулаа. Маргааш өдөр нь би Саруул түүний охин хоёрыг онгоцны буудал дээрээс үдэж өглөө.
Саруул надад баярласан сэтгэлээ илэрхийлээд тэвэрч үнсэв. Түүний хацрыг даган нулимсан дуслууд бөмбөрнө, доош алгуурхан унах нулимсан дуслууд тэвэрч зогссон үрийнх нь нүүрэн дээр хайр найргүй буухад, унтаж байсан бяцхан охин нулимсны чимээнээр сэрвэлзэн цочиж, өлгийгөө хацраараа шөргөөн, уруулаа өмөлзүүлэн өмгөнөлөө. Түрүүнээс хойш түүнийг өрөвдөн харж зогссон би тэсэлгүй өөрийнхөө хүзүүнээс номин цэнхэр алчуураа тайлан бүсэнд нь зүүж өгөв , Энэ алчуур надад олон удаа аз авчирч байсан хайрын үнэтэй алчуур…
Амьдралд дөнгөж ирээд зовлон бэрхийн үүдэнд хиргүй тунгалаг заяагаа даатгаж буй энэ нялх үрийн ирээдүйн зам сүүн мөртэй гэгээн байгаасай гэж дотроо залбиран залбиран, азын цэнхэр алчуураа бэлэг болгон өгсөн минь тэр ээ. Харь нутагт хатуу хөтүү бүхнийг биеэрээ туулаад буцаж яваа ээж охин хоёрын цаашдын амьдрал хэрхэн эргэхийг хэн мэдэх билээ. Ямартаа ч Монголын минь салхи тэднийг маань тэврэн үнсэж угтсан гэдэгт би итгэнэ…

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн