“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ” – Х.БАТМЭНД

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ” – Х.БАТМЭНД

Сэржээ хэд хоног өөд уруугүй уйлаад, гэнэтхэн нулимс нь дуусчихсан мэт дахиж уйлсангүй. Үг дуугүй босоод ажиллаж эхэлжээ. Тэр цагаас хойш Сэржээ амьдрал хүнд хэцүү байгаа талаар нэг ч үг унагасангүй, туулах л ёстой амьдралаа туулж, үүрэх л ёстой ачаагаа үүрч яваа мэт чимээгүй, гэхдээ шургуу зүтгэх болов. Дарамын хоёр том охин эхлээд аавыгаа явчихсанд ээжийгээ буруутгах мэт хардаг, үг хэл нь хөндий цэрвүү байдаг байв. Сэржээ түүнийг тоосон ч үгүй, магад анзаараагүй ч байж мэднэ. Учир нь тэр зөвхөн ажиллах, бас дахин ажиллах, тэгээд хэдэн хүүхдээ хоосон хонуулчихгүй, бүтэн хиргүй хувцастай байлгах юмсан гэснээс өөрийг огт бодох сөгөөгүй байв.
Угийн хамаатан садан муутай Сэржээд өөртөө л найдахаас өөр найдах зүйл үгүй байжээ. Нэг удаа зовлон жаргал нэгтэй үеийнх нь танил бүсгүйчүүдийн нэг нь түүнд хандан, “Наад хүний үнэргүй Дарамынхаа хоёр охиныг аав дээр нь хүргээд өгчихөөч.Чи түүнийг ямар л хачин ядарсан юм байхад нь өргөж босголоо доо. Одоо хоёр охиныг нь тэжээх гэж ингэж явахдаа яахав дээ” гэсэнд Сэржээ түүн лүү харж харж байснаа “Тэд чинь миний л охидууд шүү дээ” гэжээ. “Өө, энэ авралгүй Сэржээ. Үнэн тэнэг. Тиймдээ л Дарамд дээрэлхүүлж хаягдаа биз” хохино гэлцээд, найз бүсгүйчүүд нь ахиж түүнд юм хэлсэнгүй.
Сэржээ бүсгүй юм юм л хийж. Барилга дээр хэсэг ажиллажээ. Яваандаа барилгын ажилд бие нь хүрэхээ байсан тул шил, ундааны сав цуглуулж, хүн амьтны дээл хувцас оёж, уулын бэлээр холхиж аргал түлээ үүрч, айл амьтны гэр цэвэрлэж, сүүлдээ бууз хуушуур хийж, зах дээр борлуулах болжээ.Түүний хувьд хатуу ширүүн амьдралынх нь нар, гэрэл гэгээ бол таван үр нь байв.
Гэртээ ирээд дөрвөн дүүгээ том хүн шиг харж, хамгаалж сурсан Бямбаа охиныг хамгийн түрүүнд үнсэнэ. Яваандаа охин ээжийгээ улам ойлгон, улам дотносох болжээ. Гэдэс дотор жижиглэн, голдуу идэж өссөн ч таван хүүхэд нь өсгөлүүн, үймээн шуугиан ихтай ч хоёр том нь хичээл номдоо чамбай. Бямбаа 10 дугаар ангид байхдаа аймгийн шилдэг сурагч болон орон нутгийн ТВ-ээр гарч, Сэржээгийн баярласан нулимс сул асгарч байх үед гэнэтхэн нэг эр тэднийд ирсэн нь Дарам байв.
Дарамыг ирэхэд хоёр том охин хичээлдээ явчихсан эзгүй байжээ. Өмнө нь Дарамыг өнөөх галзуу шар авгайдаа хөөгдөөд аймгийн төвд ажил хайн яваа гэж дуулсан байв. Мах татаж суусан Сэржээ өчүүхэн ч гайхсангүй, баярласан ч үгүй, бас уурлаж уцаарласан ч үгүй. Өглөөхөн гараад явсан хүнийг тосож буй мэт “Дээшээ суу” гээд цай чанан аялгалж, хийж байсан буузнаасаа хэдийг жигнэж өгчээ.
Дарам ч гурван багыгаа харж жаал сууж байснаа, нэг том санаа алдчихаад гарчээ. Сэржээ хаачих нь вэ ч гэсэнгүй, тэр бүү хэл араас нь ч гарсангүй. Хэд хоногоос Бямбаагийн сургууль дээр Дарам ирж нэг уулзжээ. Сургуулийнх нь үүдэн дээр нэг хүн ханцуйнаас нь татахад харсанд үрчгэр царайтай, гунигтай харцтай хөгшин эр зогсож байжээ. Охин анхандаа таньсангүй. “Чи намайг таньж байна уу?” гэхэд нь л орхиод явсан аавыгаа болохыг таньжээ. Охин чимээгүй толгой дохив. Архины ихүүн нисүүн үнэр ханхалж ой гутав. Охинд ямар нэгэн харь холын хүн шиг л санагдаж, харин удаан харвал нэг л юм болохгүй болчих мэт эвгүй зөн төрөөд бушуухан гүйгээд орчихжээ.
Өдөржин толгойд нь элдвийн юм эргэлдсээр өнжив. Багш нь Бямбаа чи өнөөдөр яачихав аа? Гэж гайхжээ. Орой аягатай хоолоо дутуу идэв. Орондоо ороод унтаж чадахгүй хөрвөөн хэвттэл, харанхуйд ээж нь тэмтчин ирж, охиныхоо духыг дарж үзсэнээ зөөлөн дотно үнэр ханхлуулсаар хацарт нь духаа наагаад “Аав нь ирээ юу?” гэж асуужээ. Бямбаа “Аанхан” л гэв.
Түүнээс хойш Дарам дахиад үзэгдээгүй юм. Сэржээгийн сонсохоор хот явсан дуулджээ… Уул ус, ургамал мод нь жигдэрсэн үзэсгэлэнт Тэрэлж нутгийн нэгэн бяцхан амралтын газарт хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд шуухад шуугилдана. Энэ амралтын газрыг шинэхэн худалдаж авсан Бат-Очир түүний хоёр баз, бас нэг хүр дүүгийнхээ хүүхэд шуухадтайгаа шинэхэн амралтын газартаа цуглаад байгаа нь энэ ажээ. Баруун модтой энгэрт хөхөөн дуу уянгалан цэнгэнэж, амралтын газрын хашаан дотор цэцэгс алаглана. Багачууд эрвээхэй хөөцөлдөн гүйлдэнэ. Буурал толгойтой толиолог эмэгтэй тэдгээр багачуудтай наана цаана орон наадаж байв. Царай нь аз жаргал дүүрэн. -Ээжээ, та хүрээд ирээч. Бямбаа эгч ирж явна гэнэ гэж гол гэрийн үүднээс дунд охин дуудав.
Бямбаа нь Бат-Очирын эхнэр, тэрбээр хотод үлдээд, нэг хүн аваад араас нь ирэхээр болжээ. Их гэрт гурван баз хүргэн хорхог боодог хийж, идээ будаа жимс дүүрэн өрсөн ширээний ард суугаад ярилцана. – Ээж яадаг бол? -Харин ээ, гайгүй байгаа. Манай ээж ч мөн амгалан хүн шүү дээ. Уурлаж, уцаарлаж байхыг нь би л энэ айлын хүргэн болсоор харсангүй гэж нэг нь өгүүлнэ.
– За юутай ч гурвуулаа хадам аавайгаа танилцахад бэлтгэнэ ээ. Бат –Очир ах та ахмадаараа тэгээд яах ийхээ мэднэ шүү дээ, бид бол таныг л хараад сууж байна шүү. – Ээ, яана аа. Гурвуулаа хамжихгүй бол би одоо юугаа хэлж хуйхаа мааждаг билээ. – Зүгээр зүгээр, эхлээд гурвуулаа нэг нэг зүрхээ чангалчихая гээд гурван хархүү харжигнатал хөхрөлдөөд стаканд ихэн тал тал виcки хийн “за удахгүй танилцах гэж байгаа хадам аавын төлөө” гээд тулган уув. Гаднаас Нямаа ээж Сэржээгээ дагуулан орж ирэхэд гурван баз нүд ирмэлцсээр гарцгаав. Нямаа ээжийгээ суулгаад, гарыг нь илж дэргэд нь суунгаа,зөөлөн дуугаар – Ээжээ, танд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна гэв. – Хэл хэл, охин минь. Ингэхэд та нар чинь нэг л биш ээ. Юу болчихоод байгаа улс вэ? Нэг л юм надаас нууцгаагаад байх юм. – Нуух юу байх вэ? Ээжээ. Удахгүй аав ирнэ. Бямбаа эгч аваад хотоос наашаа гарсан, сая Тэрэлжийн гүүр давж байна гэж утсаар ярилаа.
Сэржээ эхлээд дуугарсангүй. Охиныхоо царай өөд удаан харав. – Охин минь, тэгээд та нар чинь баярлахгүй байгаа юм уу даа. – Баярлалгүй яахав, ээжээ. – Тэгээд наад царай чинь нэг л баярласан шинжгүй байх юм. – Би , би ч гэж бид бүгдээрээ л баярлаж байгаа л даа. Харин таныг л… – Би яасан гэж? – Таныг яах бол гэж болгоомжлоод… Сэржээ охиноо татан тэврээд хэсэг суув. – Ээ, миний хүүхдүүд, ээж нь энэ л мөчийг та нартайгаа хамт хүлээсэн юм шүү дээ. Ээж нь ч гэсэн бас баярлана, та нараасаа ч илүү баярлана. – Тийм үү, нээрээ юу, ээжээ гээд Нямаагийн нулимс мэлмэрч, – Ээж ээ, таныг таван нялх хүүхэдтэй нь ёстой л нэг үнсэнд хаясан шалз шиг орxиод явчихсан болохоор энэ хугацаанд таныгаа ямар хүнд хэцүүг туулсныг бид нүдээрээ харж, зүрхээрээ шархирч явсан болохоор таныг дуртай байх эсэхийг сайн мэдэхгүй, яадаг бол л гэж эргэлзээд байсан юм.
– Яалаа гэж дээ, охин минь. Би ийм сайхан таван үрийнхээ эцэгт яалаа гэж гомдох билээ, яалаа ч гэж муу юм санах билээ – Ээ ээж минь дээ, та минь ийм л хүн шүү дээ. Тиймээс л бид таньдаа хамгаас хайртай гээд нулимсаа арчжээ. – Аав нь тэгээд сайн гэнэ үү? Мааньтад байхад нь би хоёр удаа эргэж очсон юм. Тэгэхдээ та нарт хэлээгүй ээ. Сэтгэл чинь өвдөх байх гээд.
– Ээж ээ, та аавыг хаана байсныг нь мэдэж байсан юм уу? – Мэдэлгүй яахав дээ. Би дандаа л асууж сураглаж явсан юм чинь. Шоpонгоос гараад удаагүй байгааг нь бас мэдэж л байлаа. – Тэгээд та бидэнд хэлдэггүй, хачин хүн шүү. – Аав нь хүүхдүүд дээрээ “Би өөрөө яваад очно оо” л гэсэн шүү дээ. – Тийм үү, бид бодохдоо… Ээ, ээж минь дээ, ээж минь гэсээр Нямаа ээжийгээ дахин халуунаар тэврэв. Гаднаас хүргэчүүлийн нэг нь “За нөгөө хоёр ирлээ шүү” гэх дуунаар Нямаа ээжийгээ хөтөлсөөр гэрээс гарч ирэв. Амралтын хашааны үүдээр хар өнгийн Тоёото ланд машин гулгасаар орж ирээд зогсоход Бямбаа нүүр дүүрэн инээд цацруулсаар буув. Нөгөө хаалганаас нь хэдий өтөлж хөгширсөн ч нуруу цэх эр бууж ирэв. Тэгээд эгнэн зогссон дөрвөн охин, хүү, ач зээ нараас нэг ч хүүхэдрүүгээ явсангүй, харин тэднийхээ өмнө жанжин мэт зогсоо майга хөллөж, буурал толгойлсон Сэржээрүү гараа сунгасаар алхжээ.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн