“ГОЁ АХ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭВ

“ГОЁ АХ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭВ

Өглөө бүр цонхоороо шагалзаж байгаад түүнийг яг орцны хажуугаар өнгөрөх мөчийг тааруулж гарна. Мэдээж тааралдана. Тааралдаад инээмсэглэж толгой дохиод л урд хойноо орж алхана. Түүний нэрийг өөрийнхөө нэртэй нийлүүлэн шинэ нууц нэр үүсгээд тэмдэглэл хөтөлнө. Тэдний ангийн нөгөө хэдэн залуус эргэлдсэн хэвээрээ. Нэг нь бүр салахгүй, кино концерт үзнэ, хөзөр тоглоно, буу халаад манайд хоночихдог, би “гоё ах”-ынхаа тухай сонсох гээд л. Би өрөөндөө ор засаж өгөөд өөрөө өөр өрөөнд унтана. Өглөө нөгөөх чинь яахав, манай буудлаас унаандаа суухаар ангийнхан нь шуугилдаж, айлд хүргэн орох нь гэдэг болж.

Гоё ах бас л түүнийг дуудаж “Дарга нь хадмуудад нь хэлж өгөх үү, би аавыг нь таньдаг” гэжээ. Юуных нь хадам, хүргэн байхав, би тэр залууд гараа ч атгуулаагүй. Тэгсгээд л мөр мөрөө хөөсөн. Харин гоё ахтай толгой дохин, инээмсэглэн, ичиж догдлон зөрсөөр л. Энэ явдал хэдхэн хоног, хэдхэн сарын явдал биш, хүнтэй суутал минь үргэлжилсэн. Тэр үед хэзээ ч бүтэхгүй насны зөрүү, дарга цэрэг, нам засаг, үзэл суртал… одоо бодоход юу ч л биш байж. Гоё ахтай тааралдахаа болиод олон жил өнгөрчээ….

Баянхонгор аймаг руу ажлаар явсан би буцахаар билет аваад автобусанд суулаа. Хол замыг ном уншиж л хорооё хэмээгээд цүнхээ уудалж байтал хажуу дахь суудлыг минь хайсаар билет барьсан эрхэм дэргэд ирлээ. Хэн болохыг та гадарласан байлгүй…

Тийм ээ. Хорь ч хүрээгүй хонгорхон насны минь, гэмгүй гэгээхэн хайрын эзэн “Гоё ах” минь зогсож, зогсонгоо зогтусаж байлаа.Гоё ахын нүд томорч ирснээ тогтлоо. Бид хоёр бие биенээ хармагц таньсан. Хоёр аравны салхи биднийг жам ёсоороо элээж, түүнийг 50 гарсан, намайг 40 шүүрэх насанд минь уулзууллаа. Сэтгэлд шингэсэн инээмсэглэл нь хэвээрээ. Оочин цоочин бууралтсан үс түүнийг оворжуу хөгшин бус, харин ч өнгөлөг дэгжин, донжлог харагдуулах аж. Энэ хүнийг буурал үс нь хүртэл чимэх ажгуу. Миний хайр мартагдаагүй, сэрж сэргэх мөчөө хүлээж байсныг гоё ахыг харсан мөчид мэдэрсээн. Би буцаад 19 настай болж, үг хэл маань эвлэхээ болив. Ер нь бид хоёр зам турш энгийн ярилцаж, өнгөрснийг дурсаж явсан ч нүдээрээ илүү их, илүү гүн утгатай зүйлийг ярилцаад байх шиг байсан.

Түүний харц илүү шаргуу, шимтэнгүй болчихож. Тэр шөнийн богинохныг хэлэх үү, урт холын зам атийгаад агшчихсан юм шиг санагдаж байлаа. Ойрмогхон эргэж уулзахаар болзож, утсаа солилцоод салахдаа тэртээ 19 настай үеийнх шигээ хоргодох биш, хойноос нь гүйчихмээр санагдсанаа нуухгүй ээ. Ингээд би хүлээлтийн жаргал зовлонд хүлэгдээд тогтож сууж чадахаа болилоо. Хамаг сэтгэлээрээ өнгөрсөн үе рүүгээ яаран гүйж, тэндээсээ Баянхонгор Улаанбаатар хот хоорондын замд тулаад л гацчихаад байлаа.

Хоёр хоногийн дараа утсанд минь “Ахмадын баярт уригдаад анги дээрээ баярлаж байна хэ хэ. Сэтгэлд минь хорин жил үүрлэж, дуншсан шувуухай дэгж нисэх гээд жигүүрээ дэвээд эхэлсэн. Одоо энэ шувуухайг нисгэхгүй бол тогтоож дийлэхгүй нь. Уулзах мөчийг тэсэж ядан хүлээнэ” гэжээ. Хэзээ уулзахаа бичээгүй аж. “Би ч бас” гээд бичээд илгээчихсээн, бурхан өршөө. Хүч аван хөөрч амжаагүй ч, тэрүүхэн тэндээ хөнгөхөөн дэвж дэвхэрсэн энэ явдал амьдралын минь амт, хөгийг өөрчлөөгүй ч, үнэ цэнийг нь өсгөсөн билээ. Уучлаарай эрхэм уншигчид минь…

Энэ бол амьдралд тохиолдсон үнэн явдал болохоор энэхүү дурсамжийн маань төгсгөл харамсалтай нь биднийг дахин уулзуулаагүй юм. Тухайлан бид хоёр хайрынхаа талаар ярилцаж ч амжаагүй. Тэр өдрөөс ердөө хэдхэн хоногийн дараа ”гоё ах” бурхандаа явчихсаныг, олж мэдсэн билээ. Би өөртөө нэг л асуулт тавьдаг. Хэрвээ бид хоёр уулзсан бол би барьц алдах байсан болов уу? гэж… Одоо би “итгэл үнэмшил”-ээс минь хазайлгалгүй үлдээсэн ч, амжиж уулзуулсан бурханд баярлаж, учруулаагүй бугт талархаж явдаг аа.
“ГОЁ АХ” – БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭВ Ч.НАРАНЦЭЦЭГ

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн