АШГҮЙ ЭХНЭР ТОМИЛОЛТООР ЯПОН ЯВЖ ХҮҮТЭЙГЭЭ ХОЁУЛАА ГЭРТЭЭ ҮЛДЭЭД…

АШГҮЙ ЭХНЭР ТОМИЛОЛТООР ЯПОН ЯВЖ ХҮҮТЭЙГЭЭ ХОЁУЛАА ГЭРТЭЭ ҮЛДЭЭД…

Манайх гэдэг айл цэргийн ангийн хажуу залгаа хуучин муу дан байшинд амьдардаг байж билээ. Аав ээж хоёр минь цэргийн хүмүүс болоод ч тэр үү дүү нар маань бараг л хагас цэрэгжилтийн байдалтай байдагсан. Орой ээж аавын ажил тарах тэр үеэр л өдөржин тоглосон бидний хэд гэнэт л ухаан орсон юм шиг ээж аавын унтдаг төмөр цагаан орыг ёстой л ёотон мэт болгож, хуучин муу модон шалаа нүүрээ харагдтал зүлгэдэг байж билээ. Олон дэрсхэн банди болоод ч тэр үү талх гамбир бүгдээрээ нормтой. Ганц охин дүү маань хүртэл муухан эрээс илүү эршүүд болж өссөнсөн. Хөөрхий ээж минь цэргийн ангийнхаа гал тогооны жижүүр хийх тэр өдөр дүү нарын минь хувьд бөөн баяр. Харин нөгөө хэдээсээ арай ах юмны наадах цаадахыг ойлгодог болсон миний хувьд хэцүүхэн л санагддаг байсансан.

Учир нь ангийн гал тогооноос ээжийнхээ хүнээс нууж авсан жаахан талх сахар, масло, гурил зэргийг харуулын цэргээс нууж гадагшаа гарах тун төвөгтэй байдаг байсан. 90-ээд оны тэр зах зээлийн нийгэмд орон тооны цомохтгол гээч айхтар зүйл манайхыг ч гэсэн тойролгүй дайраад өнгөрсөн. Аав минь ажилгүй болж, азаар олон хүүхэдтэй байсан болохоороо ээж маань ажилтайгаа үлдсэнсэн. Гэвч ганц хүний цалин дүрэлзэж байгаа галруу хийсэн ширхэг зомгол шиг л байдаг байсан. Гэртээ суух аав минь хөөрхий хэнгэнтэл санаа алдана.

Олон хоосон ходоод, бүртэлзсэн нүднүүд хараад аавд минь ямар хүнд байсныг би одоо ч төсөөлж чаддаггүй. Аав ашгүй гэрээс нилээд хол боловч модны үйлдвэрт ажилд орсонсон. Аавынхаа үйлдвэрээс авсан анхны цалинг хэзээ ч мартамгүй. Шөнөөр хаалга аяархан тогших аав минь үл ялиг ээдрээтсэн хоолойг нь сонсоод аавыгаа apxи балгасныг ойлгож билээ. Цалин мөнгөө авсан юм бол замын унаанд мөнгийг нь өгөөд ирэхгүй ганц өдөр ч болсон хөлөө амраачихгүйдээ гэх ээжийн зэмлэх хайрлахын хариуд хааяа нэг халмагахан үедээ дуулдаг өвгөн шувуу гэх ардын дууг аяархан аялах аав минь,

-За тэр яах вэ миний ороодог улааныг л аваарай бусдыг нь дараа цалин хүртэл аргалаарай хань аа гээд ээжид минь бүх цалингаа өгч билээ. Ээж аавын өгсөн мөнгийг тоолоод цөөн хэдэн төгрөг илүүчлээд өдөр болгон л хоосон явж байдаг ядаж маргааш ажил дээрээ хоол авч ид гээд аавд минь өгсөн мөнгийг, ээжийн нүдийг хариулаад надад өгөөд дүү нартаа чихэр авч өг аав нь яах вэ энэ байхад болно гээд хуучирч муудсан дүнсэн тамхиний төмөр хайрцагруугаа зааж билээ.

Одоо эргээд бодохнээ хөөрхий аав минь галтай усыг одооны залуус шиг унаж тусталаа уух биш, аргагүй эрхэнд л гашуун үнэнтэй эвлэрч хүртдэг байсан байх. Хүүхэд байхдаа өлсөж зах зээлийн хүнд үеийг туулсан миний хувьд хүүхдүүдээ өлсгөх тун дургүй. Хөргөгч жаахан л дундарвал эхнэрээсээ илүү бухимдаад ирнэ. Том хүүгээ хараад байхнээ хоол унд их голно, хөргөгч дүүрэн идэх зүйл байхад л амттай гоё юм алга гэхийг нь сонсоод нэг сайн загнаж билээ.

Хүүдээ зах зээлийн тэр хүнд үеийг ярихад бараг тийм амьдрал гэж юу байдаг юм гээд итгэхгүй байхыг нь сонсоод шоконд орж билээ. Харин ашгүй нэг эхнэр томилолтоор Япон явж хүүтэйгээ хоёулаа гэрээ сахиж үлдлээ. Эхний өдөр тэгэс хийгээд л өнгөрлөө. Маргааш орой боллоо, тэгсэн аав хоол хийхгүй юм уу л гэж байна. Зөндөө л идэх юм байна идмээр байгаа бол өөрөө хий гэчихээд хэвтчихлээ. Өглөө боллоо, өдөр хүртэл унтдаг үр минь өглөө хар үүрээр сэрчихсэн тоож иддэгүй байсан масло талхаа идэхийг нь инээд хүрээд л сонсоод байлаа. Хэсэг дуг хийгээд сэрсэн мань хүн мах хэрччихсэн аав будаа яаж агшаахуу л гэж байна. Зааж өглөө. За тэгээд л болсон болоогүй нэг юм зуураад өөрт нь амттай байгаа бололтой сайн хусаж өгч байна.

Аав би будаатай хуурга хийгээд сурчихлаа, хуурай идэх юм алга эмээгийндээ хаяа нэг очихдоо иддэг гамбир хийгээд өг л гэж байна. Өөдөөс нь миний хүү идмээр байвал өөрөө хийгээд идээ л гэлээ. Нэг харсан өөрөө тэр чигээрээ цагаан гурил болсон нөхөр л зуурсан гурилаа надад үзүүлж байна, сайн нухаж байгаад илдээд тосонд шар л гэлээ. Хэсэг байж байгаад авчирж үзүүлсэн гамбир нь тосоо халаалгүй хийсэн болхоор зүгээр л тос шингэсэн түүхий цагаан гурил болчихсон байлаа. Тэрийг нь хараад арай л гэж инээдээ дарсансан. Одоо харин миний үр мундаг эр болсоон. Бүх төрлийн хоолыг хийнэ, барагтай л бол хоолыг голж шилэхгүй иддэг болсон. Атга будаа, ширхэг сонгиноор ч сайхан хоол хийчихнэ дээ. Үр минь аавыгаа уучлаарай, өөр ойлгуулах арга тэр үед байгаагүй юм шүү… Ankhbayar Altantsetseg
ҮҮН ДЭЭР ДАРААРАЙ

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн